ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ ХХК

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

2026-03-26

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өчигдөр (2026.03.25) боллоо. Хуралдааны эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэн яамд, төрийн байгууллагуудад өгсөн үүрэг, чиглэлийг танилцууллаа.

Тухайлбал, Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэж, зам, тээврийн салбар, ялангуяа иргэний нисэх, төмөр зам, автотээврийн салбарт шатахууны нөөцийг бүрдүүлж, тасалдал үүсгэхгүй байх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг харьяа байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн олон улсын нөхцөл байдлын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг зөв тооцоолж, харьяа байгууллагууд төсөв, санхүүгийн хэмнэлтийн горимд шилжин ажиллах, дотоод албан томилолт болон сургалтын зардлыг түр хугацаанд танах, нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшууллыг зогсоох, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг бууруулах замаар болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж ажиллахыг чиглэл болголоо.

”Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хувьд хил холболтын бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилгын ажлын талбайд 316 инженер техникийн ажилтан, 179 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хуралдааны төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танилцуулсан ажлууд, тулгамдсан асуудлуудыг нэгтгэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах асуудлуудын талаар холбогдох үүрэг, чиглэл өглөө.