ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.04.07) боллоо.
Хуралдааны эхэнд, сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаас гарсан бодлого, шийдвэрийг танилцуулж, Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын улмаас газрын тосны үнийн өсөлт, хомсдол бий болж байгаатай холбогдуулан байгууллага бүр түлш, шатахууны нөөцийг оновчтой бүрдүүлж, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад онцгой анхаарахыг үүрэг болгов.

Түүнчлэн олон улсын эдийн засаг, улс төрийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж, байгууллага бүр зардлаа хэмнэх, албаны автомашины хэрэглээг зохистой түвшинд барих зэргээр хэмнэлтийн горимд шилжин ажиллах шаардлагатайг онцоллоо.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалтыг цаг, хугацаа алдалгүй урагшлуулахыг холбогдох удирдлагад үүрэг болгож, салбарт хэрэгжиж буй томоохон төслүүдийн явцын талаарх мэдээллийг Засгийн газарт танилцуулахыг чиглэл болгов.
Зам, тээврийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд сахилга, хариуцлагыг дээшлүүлж, ажлын шуурхай, тасралтгүй байдлыг ханган ажиллахыг дахин санууллаа.
Энэ хүрээнд албан хаагчдын цагийн сахилгыг сайжруулах, албан бичгийн шийдвэрлэлтийг түргэтгэх, хүлээгдэл, чирэгдлийг бууруулахад удирдлагуудыг онцгой анхаарахыг үүрэг болгов.